Freedom

2018-01-03 - Соба

12сарын 31н буюу Японы уламжлалаар цагаан сарын битүүний өдрийн алдартай түүхийг нийт Япон хэл болон Япон орон судалдаг бүх залуустаа хүргэж байна. Нэг аяга Соба Энэ түүх одоогоос 35 жилийн өмнөх 12сарын 31ний өдөр Японы Саппоро хотод байх Хоккайдо соба гоймонгийн газраас эхлэлтэй юм. Соба гоймонгийн газрын хувьд хамгийн их зочидтой үе бол Битүүний өдөр(Япончууд урт наслахыг бэлгэдэж, битүүн буюу 31ны өдөр соба гоймон иддэг) байх ба Хоккайдо ч бас энэ өдөр өглөөнөөс орой хүртэл бөгс эргэх зайгүй байлаа. Ердийн үед шөнө дунд өнгөртөл хөл хөдөлгөөнтэй байдаг өргөн чөлөө битүүнд үдшийн бүрий болохтой зэрэгцэн хөл татарч, улсууд гэрээдээ харицгаана. 10цаг өнгөрмөгц Хоккайдод ч бас зочид сийрэгхэн болж, удалгүй хүн орж ирэх нь зогслоо. Байнгын зочиддоо эзэгтэй хэмээн дуудуулдаг эхнэр, хүн нь сайн боловч нүүрэн дээрээ хатуу эзнийг орлож, цагийн ажилчиддаа завгүй өдрийн талархал хэмээн томоо ууттай Соба гоймон, цагаан сарын бэлэг өгч, гэр гэрт нь хариулав. Сүүлийн зочныг үдэж өгөөд, ингэсгээд хаалтаа буулгах уу даа хэмээн ярилцаж байтал, хаалга хүч муутайхан нээгдэж, 2хүүхэд дагуулсан залуу бүсгүй орж ирлээ. 6тай болон 10тай байрын жаалууд нь ижилхэн цоо шинэ дүрэмт хувцастай ба харин бүсгүй улиралдаа зохицоогүй нимгэн богино хүрэм өмссөн байв. -Тавтай морилно уу хэмээн угтсан эзэгтэйгээс - Нөгөө... соба гоймон нэг аягыг.. авч болох уу? хэмээн бүсгүй зориг муутайхан асуув. Ард нь зогсох хөвгүүд нь зовнисон царайгаар харцгаана. Эзэгтэй, - Аа.. аан бололгүй яахав. Ийшээ сууна уу хэмээн хаалттай ойрхон 2дугаарын ширээ тийш замчлангаа лангуу руу хандан - Нэг соба! хэмээн хэллээ. Түүнийг сонссон эзэн өнөөх гуравлуу хяламхийн харангаа -Айёоо! нэг соба! хэмээн хариулаад, бөөрөнхийлсөн гоймонгоос нэгийг тогоондоо хийж, бас нэг хагасыг ардаас нь нэмэв. Нэг бөөрөнхий гоймон л нэг хүний порц байдаг. Гэсэн ч бүсгүй ч эхнэр нь ч хэлээгүй байхад ахиу порцоор гоймонгоо чанаж гаргалаа. Ширээнд ирсэн нэг аяга гоймонгоо тойрон, толгой нийлүүлэн идэх гурвын яриа гал тогоонд бүдэг бадаг сонсогдоно. -Амттай байна шүү гэх том хүү, -Ээж ч бас ид л дээ гээд нэг ширхэг гоймон ээжийнхээ аманд барих бага хүү. Эцэст нь идэж дуусаад, 150иений үнэ төлж, -Сайхан хооллолоо хэмээн толгой мэхийн гарах ээж хүү гурвын ардаас -Маш их баярлалаа. Сайхан жил байх болтугай хэмээн хоолой нийлүүлэн хэлэх эзэн эзэгтэй хоёр. Шинэ оноо угтсан Хоккайтэй урьд урьдынхтай л адил завгүй өдрүүдийн дунд нэг жилийг үдэж, дахиад л 12сарын 31ний өдөр ирлээ. Урд жилийнхтэй л ижил толгой өндийх завгүй нэг өдөр дуусч, арван цаг өнгөрч байв. Хаалгаа барьюу гэж байтал үүд зөөлөн нээгдэж, хоёр жаал дагуулсан залуу эмэгтэй орж ирлээ. Эзэгтэй бүсгүйн өмссөн богино хүрмийг хараад, жилийн өмнөх, битүүний өдрийн сүүлийн зочдыг саналаа. -Нөгөө.. соба гоймон нэг аягыг.. авч болох уу? -Тэгэлгүй яахав, орогтун2 Эзэгтэй өнгөрсөн жилийнхтэй адил 2дугаарын ширээнд суулгангаа -Соба нэг аягыг хэмээн чангаар хэллээ. -Айёоо! Нэг соба! гэж эзэн хариулангаа дөнгөж унтраасан зуухаа асаалаа. -Хөгшөөн, урамшуулал гээд гурван хүнийхийг өгчихвөл яасан юм бэ хэмээн сэмхэн шивнэхэд, -Болохгүй2, тэгж яаж болдог юм гэнгээ бөөрөнхий Соба нэг хагасыг тогоондоо хийх нөхрөө хараад эзэгтэй инээмсэглэж, -Та минь хүрэл бурхан шиг тоомжиргүй царай гаргах ч цаанаа зөөлөн юм даа гэхэд нөхөр урьдынхаараа үг дуугүй хоолоо аягална. Ширээн дээрх аяга гоймонгоо тойрон суусан ээж хүү гурвын яриа гал тогоонд байх хоёрт ч бас сонсогдоно. -Амттай байна шүү! -Энэ жил ч бас Хоккайтэйгийн Соба идэж чадлаа, тийм ээ -Дараа жил ч бас идвэл сайхан аа. Идэж дуусаад, 150иен төлөн гарах тэдний араас, -Баярлалаа. Сайн жил байх болтугай хэмээн хэдэн арван удаа давтагдсан өнөөх л үгсээр үдэж өглөө. Өндөр ашиг орлого дунд угтсан дараа жилийн битүүний өдрийн орой, Хоккайтэйгийн эзэн эзэгтэй хоёр бие биедээ ам нээж хэлэхгүй ч есөн цаг хагас өнгөрөхийн үес битүүхэн харуулдаж эхлэлээ. Арван цаг өнгөрөхөд ажилчдаа буулгасан эзэн, хананд хадаастай үнийн цэсийг нэг нэгээр нь шинээр бичнэ. Энэ жилийн зун үнэ нь нэмэгдэж “Соба гоймон 200иен” гэж бичигдсэн самбар 150иен болон өөрчлөгдсөн байлаа. 2дугаарын ширээн дээр бүр 30минутын өмнөөс “Захиалгатай” гэсэн самбар эзэгтэйн гараар тавигдсан байсан юм. Арван цаг хагас болж, гоймонгийн газар зочдын хөл татрахыг хүлээж байсан мэт ээж хүү гурав орж ирлээ. Ах нь дунд сургуулийн дүрэмт хувцас, дүү нь өнгөрсөн жил ахынхаа өмсөж байсан томдсон куртик өмссөн байв. Хөвгүүд танигдахааргүй болтлоо том болцгоосон боловч, ээж нь өнгө нь гандсан өнөөх богино хүрэмтэйгээ л байлаа. -Тавтай морил хэмээн инээмсэглэн угтах эзэгтэйд ээж нь зориггүйхэн, -Нөгөө.. гоймон.. 2аягыг авч болох уу.. -Аа.. тэгэлгүй яахав. Ор2 ийшээ суу хэмээн 2дугаарын ширээ тийш эргэж, ширээн дээр тавиастай байсан “Захиалгатай” гэсэн самбарыг сэмхэн нуучихав. Тэгээд гал тогоо тийш -Соба хоёрыг хэмээн хэлэхүй эзэн тосон авч, -Айёоо! Хоёр соба хэмээн хариулаад, бөөрөнхий гоймон гурвыг авч тогоондоо хийлээ. Хоёр аяга гоймон хуваан идэх ээж хүү гурвын баяр хөөртэй яриа сонсогдож, үе үе инээх нь дуулдана. Гал тогоонд санамсаргүй харц тулгаран, инээмсэглэх эзэгтэй болон хүрэл бурхны дүрт хэвээр Мм, мм хэмээн толгой дохих эзэн хоёр зогсоно. -Миний хоёр хүү... Өнөөдөр ээж нь та хоёртоо баярлалаа гэж хэлэх гэсэн юм. -Баярлалаа гэж.. юунд вэ, ээж ээ? -Үнэндээ бол нас барсан аавынх нь ослоос болж, найман хүн бэртэж гэмтэн... түүний төлбөрт даатгалаас төлж хүрээгүй мөнгийг барагдуулах гэж сар бүр 50,000иен төлж байсан юм. -Ммхн, мэдэж байсаан ээж ээ. Эзэгтэй эзэн хоёр огт хөдлөлгүй анхааралтай сонсоно. -Тэгээд дараа жилийн 3 сар хүртэл төлөх байсан боловч, өнөөдөр бүгдийг нь төлөөд дуусгачихлаа. -Хөөх! нээрээ юу? Ээж ээ! -Аанхаа, нээрээ нээрээ. Ах нь сонин хүргэж өгдөг ажил хийж, Жүн ч гэсэн дэлгүүр явж, орой бүр хоолны бэлтгэл хийж, ээждээ тусладаг байсны ачаар, ээж нь санаа амар ажлаа хийдэг байсан юм шүү дээ. Сайн хичээж ажилласан гээд ээжийнх нь ажлаас нэмэгдэл цалин өгч, түүгээр өрөө төлж дууссан юм байхгүй юу. -Ээж, Ах! ямар гоё юм бэ! Гэхдээ би цаашдаа ч гэсэн оройн хоол бэлдэж байнаа. -Би ч гэсэн сонин хүргэхээ үргэлжлүүлнээ. Жүн хичээцгээнэ шүү! -Баярлалаа, миний хүүхдүүд маш их баярлалаа. -Одоо бол хэлж болох байхаа гэж бодож байна. Ээж ээ, үнэндээ Жүн бид хоёрт таниас нуусан зүйл байгаа. Юу гэхээр.. 11сарын ням гаригт, Жүнгийн нээлттэй хичээлийн хөтөлбөр сургуулиас ирсэн шүү дээ. Тэгэхэд үнэндээ Жүн багшаасаа дахиад нэг захиатай ирсэн гэсэн. Жүнгийн бичсэн зохион бичлэг Нийт Улс даяарх зохион бичлэгийн тэмцээнд Хоккайдог төлөөлж оролцохоор сонгогдож, нээлттэй хичээлийн өдөрт тэр зохион бичлэгийг уншиж үзүүлэхээр болсон гэсэн байсан юм. Багшийн тэр захиаг ээжид үзүүлбэл.. ээж ажлаа таслаад ч хамаагүй очно гэдгийг тань мэдэж байсан болохоор... Жүн таниас нуучихсан гэсэн. Түүнийг нь би Жүнгийн найзаас сонсоод....нээлттэй хичээлд нь очсон юм. -Тийм үү, тэгээд... -Багш нь: Том болоод ямар хүн болох вэ гэдэг сэдвээр бүх хүүхдүүдээр зохион бичлэг бичүүлэхэд Жүн Нэг аяга соба гэдэг нэртэй зохион бичлэг бичсэн. Одоо тэр зохион бичлэгээ уншиж өгнөө гэж хэлсэн. Нэг аяга соба гэдэг гарчгийг нь сонсоод л Хоккайтэйг хэлж байна гэж мэдсэн болохоор ..Жүн мангар! тийм ичмээр юм бичиж байх гэж! хэмээн дотроо бодсон. Зохион бичлэг нь... Аав зам тээврийн ослоос болж нас бараад, бас зөндөө их өр төлбөр үлдсэн болон ээж өглөө эртээс орой үдэш хүртэл ажилладаг тухай, намайг үүрээр бас оройны сонин тараалтанд явж байгаа зэрэг бүгдийг бичсэн байсан. Бас 12сарын 31ний шөнө гурвуулаа идсэн нэг аяга соба гоймон маш амттай байсан тухай, гурвуулаа байж ганцхан аяга захиалсан байхад, гоймонгийн газрын өвөө эмээ хоёр -Маш их баярлалаа, сайн жил угтаарай гэж чанга дуугаар үдэж өгсөн тухай. Тэдний тэр хоолой, “Бууж өгч болохгүй шүү! Хичээгээрэй! Амьдрана шүү! “ гэж хэлж байх шиг санагдсан тухай. Тэгээд Жүн том болоод, үйлчлүүлэгч, зочиддоо “Хичээгээрэй”, “Аз жаргалтай байгаарай” гэх бодлоо шингээн, “Баярлалаа” гэж хэлдэг Японы хамгийн шилдэг Соба гоймонгийн газрын эзэн болмоор байна гэж чанга дуугаар уншиж өгсөн юм. Гал тогоонд зогсоод, чих тавьж байх учиртай эзэн эзэгтэй хоёрын бараа харагдсангүй. Лангууныхаа доор явган суусан хоёр, нэг алчуурын хоёр булангаас булаалдах мэт атгаад, зогсолтгүй урсан гарах нулимсаа арчин байлаа. -Зохион бичлэг уншиж дууссаны дараа багш Жүнгийн ах, ээжийнх нь оронд ирсэн байгаа учраас үг хэлүүлье ээ гээд.. -Хөөх, тэгээд Ах нь юу гэж хэлсэн бэ? -Гэнэт хэлсэн болохоор эхлээд үг гарахгүй байсан ч, ...Бүгдээрэнд нь үргэлж Жүнтэй дотно байдагт баярлалаа. ... Дүү минь орой бүр оройн хоолны бэлтгэл хийдэг. Тийм болохоор дугуйлан, бэлтгэл дундаасаа харих болдог учир бүгдэд нь төвөг уддаг байх гэж бодож байна. Сая дүү минь Нэг аяга соба гээд уншиж эхлэх үед, ...би ичмээр юм гэж бодсон. ... Гэхдээ, ичиж эмээлгүй чанга дуугаар уншиж байгаа дүүгээ харж байхдаа, Нэг аяга собаг ичмээр гэж бодож байгаа миний зүрх өөрөө ичмээр юм байна гэж бодогдсон. Тэр үед... нэг аяга гоймон авах гэж асууж чадсан ээжийнхээ зоригийг мартаж болохгүй гэж бодлоо. ... ах дүү хоёр хүчээ нийлүүлэн, ээжийгээ хамгаалж явах болноо. ... үүнээс хойш ч Жүнтэй дотно байж, найз нөхөд байгаарай гэж хэлсээн. Чимээгүйхэн гараа атгалцаж, инээд хөврүүлэн мөр мөрөө цохилцож, ноднин жилийнхээс тэс өөр хөгжилтэй гэгч нь битүүний соба гоймонгоо идэж дуусаад, 300иенээ төлөн, -Сайхан хооллолоо хэмээн доор гэгч нь толгой бөхийн гарч явах ээж хүү гурвыг, эзэн эзэгтэй хоёр тэр жилийн сүүлчийг хаах мэт их дуугаар, -Маш их баярлалаа, Сайн жил угтах болтугай хэмээн үдэж өглөө. Дахин нэг жил өнгөрч... Хоккайтэйд оройн есөн цаг өнгөрснөөс хойш “Захиалгатай” гэсэн самбар 2дугаарын ширээнд тавин хүлээсэн боловч, нөгөөх ээж хүү гурав орж ирсэнгүй. Дараа жил нь, мөн түүний дараагийн жил ч 2р ширээг сул байлгаж хүлээсэн ч тэр гурав үзэгдсэнгүй. Хоккайтэй ашиг орлого ихтэй байж, хоолны газраа шинэчлэн, ширээ сандал бүгдийг нь сольсон боловч, өнөө 2р ширээг л тэр хэвээр нь үлдээв. Шив шинэхэн ширээ сандал дунд ганц ширхэг хуучин ширээ голд нь байх ба “Яагаад энд энэ ширээ?” хэмээн гайхах зочдод эзэн эзэгтэй хоёр “Нэг аяга соба-ийн” түүхийг ярьж, энэ ширээг харж урам зориг авдаг тухайгаа, мөн хэзээ нэг өдөр тэрхүү гурван зочин ирвэл энэ ширээнд суулган угтаж авмаар байгаа тухайгаа хэлж, учирладаг билээ. Тэрхүү түүх яриа нь “Азжаргалын ширээ” гэсэн нэрээр зочдоос зочдод дамжин тархав. Хэрэг болгон холоос ирж, гоймон идээд явах сурагч охидууд болон тэр ширээг сулрахыг хүлээн захиалгаа хойшлуулах залуу хос ч байх ба хүмүүст нэр хүндтэй болж байлаа. Түүнээс хойш сар жилүүд улиран одож, хэдэн жил өнгөрсний дараах 12сарын 31ний шөнө билээ. Хот дотор адилхан худалдаа, үйлчилгээ эрхэлдэг газруудын танил, найз нөхөд нь тус тусын дэлгүүр хоршоогоо хаагаад, Хоккайтэйд гэр бүлээрээ цуглан байлаа. Битүүний шөнийн Собагаа идсэний дараа, шинэ он гарсныг мэдэгдэн цохилох сүмийн хонхны дууг сонсонгоо гэр бүл найз нөхдөөрөө нийлэн, оны анхны мөргөл хийхээр явцгаадаг нь 5,6н жилийн өмнөөс тогтсон уламжлал юм. Энэ шөнө ч мөн 9цаг өнгөрөөгөөд загасны дэлгүүрийн эхнэр нөхөр хоёр сашими(түүхий загас) өрсөн том таваг хоёр гартаа барьсаар орж ирсэн нь дохио болсон мэт үргэлж ирдэг гучаад хүн архи, амттан барьсаар цуглаж эхэллээ. “Аз жаргалын хоёрдугаар ширээ”-ний түүхийг мэддэг найз нөхөд нь өөр хоорондоо ярилцан хэлэхгүй боловч, лавтай энэ жил ч мөн тэрхүү ширээ сул хэвээр шинэ оныг угтах болов уу хэмээн сэмхэн “Битүүний 10цаг өнгөрөөд захиалгатай ширээ” хэвээр нь хадгалж, жижиг боловч үл ялиг өргөгдсөн суудалд хүн бүр бяцхан зайчлан, сүүлдэж ирсэн нөхдөө урин суулгаж байлаа. Далайд болсон хачин сонин явдал, ач зээ хүүтэй болсон тухайгаа, энэ жил их ашиг орлоготой байсан тухай гээд л яриа хөөрөө ар араасаа хөвөрч, хөөр хөгжөөн дэврэн байх үед буюу арван цагийн орчим үүдний хаалга зөөлхөн нээгдлээ. Хэд хэдэн хүн үүдрүү харж, бүгд чимээгээ аядав. Хоккайтэйгийн эзэн эзэгтэй хоёроос өөр хэн ч уулзаж үзээгүй өнөөх “Азжаргалын 2р ширээний” түүхэнд гардаг гандсан хүрэмтэй залуу ээж болон хоёр хөвгүүнийг бүгд төсөөлж байсан ч, орж ирсэн хүмүүс нь хослол өмсөж, гартаа хүрэм тохсон хоёр залуу байлаа. Даран залгисан амьсгалаа гаргаж, хөгжилтэй уур амьсгал эргэн ирлээ. Эзэгтэй уучлал хүссэн царайгаар, -Уучлаарай, дүүрэн суудалтай байгаа тул.. хэмээн хэлэх гэж байх тэр мөчид, үндэсний хувцас өмссөн эмэгтэй доор гэгч толгой бөхийн орж ирээд, хоёр залуугийн хойно зогсов. Гоймонгийн газарт байсан бүх хүн амьсгаа даран, чих тавилаа. -Нөгөө... соба гоймон... 3аягыг.. авч болохсон болов уу? Тэр хоолойг сонсоод эзэгтэйн царай хувирав. Арван хэдэн жилийн сар улирлууд нэгэн мөчид нийлж, тэр л өдрийн залуу бүсгүй, балчир хөвгүүдийн дүр зураг одоо нүдний өмнө зогсож буй гурван хүнтэй давхцав. Лангууныхаа ардаас нүдээ томоор нээн, ширтэн зогсоо нөхрөө болон сая орж ирсэн гурван зочдоо занган, -Энэ чинь, энэ чинь.. хөгшөөн хэмээн уймран зогсоо эзэгтэйд орж ирсэн нэг залуу нь хэллээ. -Бид бол, 14жилийн өмнөх битүүний шөнө, ээж хүү гурвуулаа нэг аяга соба гоймон захиалж байсан улсууд байнаа. Тэр үед, тэр ганцхан аяга собанаас итгэл найдвар авч, ээж хүү бид гурав гар гараа атгалцан, амьд үлдэж чадсан юм. Түүний дараа ээжийнхээ төрхөм Шига аймаг руу нүүсэн. Би энэ жил эмч болох улсын шалгалтанд тэнцэж, Киотогийн их сургуулийн эмнэлэгт, нярайн тасагт ажиллаж байсан боловч, ирэх оны 4сараас Саппоро хотын нэгдсэн эмнэлэгт ажиллахаар болсон юм. Тэгээд тэрхүү эмнэлэгт ирж уулзахын зэрэгцээ аавынхаа шарилыг эргэж, бас Соба гоймонгийн газрын эзэн болоогүй ч Киотогийн банкинд ажиллаж буй дүүтэйгээ зөвлөөд, өдийг хүртэлх амьдралынхаа хамгийн сайхан аялалыг төлөвлөсөн юм. Энэ бол битүүний өдөр ээжтэйгээ гурвуулаа Саппорогийн Хоккайтэйд очиж, гурван аяга соба гоймон захиалах аялал байсан юм. Толгой дохин сонсох эзэн, эзэгтэйн нүднээс ар араасаа нулимс бөмбөрөн байлаа. Үүдэнд ойрхон ширээнд сууж байсан архины газрын эзэн гоймон амандаа зуусан чигээрээ сонсож байснаа, тэр чигээрээ гоймонгоо сорон залгичихаад, босч -Хүүе эзэгтэй минь юу хийгээд байна вэ! 10жилийн турш энэ өдрийн л төлөө бэлдэж хүлээсэн “Битүүний 10цаг өнгөрөөд захиалгатай ширээ” биш үү! Суулгаач та! Архины газрын эзэн мөрийг нь алгадахад л сая сэхээ авсан эзэгтэй: -Тийм шүү дээ, Тавтай морилогтун. За дээшээ дээшээ. Хөгшөөн 2р ширээнд гурван соба! Хүрэл бурхан царай нь нулимсанд будагдчихсан эзэн, -Айёоо, гурван соба гэж хариуллаа. Угтан шуугих чимээ болон алга ташилт хадах гоймонгийн газрын гадна саяхан хаялан байсан цасан зогсч, шинэхэн цасыг анивчин гялбалзах цонхны гэгээ гэрэлтүүлэн байлаа...

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 6 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн
Миний тухай
Түг түмэн бодлын хэлхээсүүд.....
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. BloomBliss
© Freedom



:-)
 
xaax